ӨМНӨТГӨЛ
Хойд Солонгосын амьдралын үнэн нүүр царайг нүдэнд харагдтал тод томруун дүрслэн үзүүлсэн энэ ном орчин үеийн сэтгүүл зүй, non-fiction буюу баримтат утга зохиолын сонгодог жишээ гэгдэхүйц үнэ цэнэтэй бүтээл болсны дээр дарангуйлагч дэглэм, бурангуй үзэл сурталд гинжлэгдсэн бүхэл бүтэн ард түмний эмгэнэлт хувь заяаг дэлхий нийтэд дэлгэснээрээ ихээхэн ач холбогдолтой юм. Хувь хүний төдийгүй үндэстэн угсаатны эрх ашгийг уландаа гишгэсэн нийгмийн харгис тогтолцоо хүний сэтгэх хийгээд эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх үзэл бодлыг ч арчин үгүй хийдгийг хирдхийм хурц жишээнүүдтэй та энэ номын хуудас бүрд тулах болно. Эндээс бид өөрсдийнхөө түүхийн мартах ѐсгүй цаг үеийг ч ахин санаж, тийм тогтолцоо өнөө хэр амь бөхтэй оршсоор буйг, тийм нийгмээс үлдсэн сэтгэлгээ өдгөө хүртэл бүрэн арилаагүйг мэдрэх бизээ. Иргэдээ ядуу, хүлцэнгүй, мэдлэггүй, хязгаарлагдмал, гар харсан нөхцөлд байлгах сонирхол чухам дарангуйлагч, бурангуй засаг төрд л байдаг. Иймэрхүү харанхуй дорд байдал нь, нөгөө утгаараа, өлсгөлөнд нэрвэгдсэн, соѐлт хүн төрөлхтөнөөс тусгаарлагдсан хөөрхийлөлтэй энэ оронд ч бус, өнгөн талаасаа нээлттэй мэт харагдагч манай өнөөгийн утаатай нийгэмд ч нүүрлэсээр буйг олж харах шижмийг нээсэн нь уг бүтээлийн далд нэгэн чухаг тал юм.
Хүний эрх, чөлөөт эдийн засаг, ардчиллын тухай бүхний мэдэх зүйлсийг энд нурших шаардлагагүй биз ээ. Үндэстний эрх ашиг гэгч түүнээс дутуугүй үнэт зүйлийг хоѐр Солонгосын хуваагдал хийгээд тоталитар дэглэм хэрхэн булшилсаар ирснийг асар олон баримт, гярхай нарийн ажиглалт, эрүүл саруул дүгнэлт, дүрслэлүүдээр дэлгэн үзүүлсэн энэ номыг унших явцад нулимс дуслуулам төдийгүй жигшин зэвүүцэм эмгэнэлт-инээдмийн түүх олонтаа таарах аж.
Монгол үндэстэн дэлхийн хамгийн том гүрнийг цогцлоож явсан түүхтэй атлаа их гүрнүүдийн эрх ашиг, үзэл суртлын дайны гашуун тоглоомоор мөн л хэдэн хэсэг хэрчигдэн салж, зарим нь нэгэнт устаж балрах замдаа ороод байгаа нь нууц биш. Мунхагийн алдаа ухаантны туршлага болдог гэлцэнэ. Бид ч бас алдаанаасаа ангижирчихсан хүмүүс биш ээ. Гадаад орнуудын бодлогоос гадна дотоод дахь дээдсийнх нь эв нэгдэлгүй байдал, доодсынх нь бүхнийг сохроор аялдан дагаж амьдардаг, өнөө маргаашийн талхаас илүүг боддоггүй ядуу сэтгэлгээ улс орноо юунд хүргэж болохыг, юунд хүргэж байгааг та эндээс харна.
Өмнөд ба Хойд Солонгос үе үе хурцадмал байдалд орж буй энэ цаг үед Ази дахь цөөхөн ардчилсан орны нэг болох Монголд ийм ном орчуулагдан гарч буйд ихэд олзуурхан талархана. Сэтгүүлч хүний эр зориг, хурц нүд, өргөн мэдлэг, нөр их хөдөлмөр, сайтар боловсруулалтын жишээ болсон уг бүтээл эрэн сурвалжлах төрлөөр бичдэг манай сэтгүүлчдийн ширээний ном болох нь дамжиггүй ээ. Хэрэгтэй номыг хэрэгтэй цагт нь алдаа мадаггүй, чадамгай сайхнаар эх хэлнээ буулгасан орчуулагч Ш.Энхжаргалд уншигчдынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье.
No comments:
Post a Comment